Д.Номин-Эрдэнэ: Анх төрөх гээд өвдөлт өгсөн дүүг маань эмч нь юун сүртэй юм, ингэж л өвддөг гэж загнаж байлгасаар, хүүхэд нь эндчихсэн

Анхны төрлтөөр Нэгдүгээр төрөх эмнэлэгт хэвтсэн 24 настай эмэгтэй найман цагийн турш өвдсөн ч эмчийн зүгээс “сүртэй юм, угаасаа өвддөг” гэх мэтээр загнасаар төрж чадалгүй хүүхдийнх нь зүрхний цохилт зогсож, эндсэн харамсалтай хэрэг энэ сарын 05-нд гарсан талаар Эмэгтэйн эгч Д.Номин-Эрдэнэ манай редакцид хандлаа.

Дүү нь хэзээ төрөх эмнэлэгт хэвтсэн бэ?

-Манай дүү 1997 оных. Энэ удаагийнх анхны төрөлт нь байсан юм. Аравдугаар сарын 02-нд өвдөлт өгөөд Өргөө амаржих газарт /Нэгдүгээр төрөх эмнэлэг/ хэвтсэн.

Эмнэлэгт хэвтэхдээ биеийн байдал нь ямархуу байсан бэ?

-Даралт нь ихсээд 130-аас буухгүй байсан. Харин өчигдрөөс /2022.10.04/ тогтворжсон учраас өөрөөр нь төрүүлье гэж эмнэлгээс нь шийдсэн юм билээ. Төрөх гээд өвдөлт өгөөд үүрийн 02 цагт төрөх тасаг руу бууж бай гээд явуулчихсан. Дүү маань төрөх тасагт ороод өвдөөд байна намайг төрүүлээд өгөөч гэхээр “угаасаа өвддөг, юун сүртэй юм” гэж загнасан байгаа юм. Арга ядаад жижүүр сувилагчид нь “ намайг хийсвэрээр төрүүлээд өгчих лдөө” гэхээр чи юун дураараа юм бэ, тийм амар зүйл байдаггүй гээд огт халгаагүй гэсэн. Анхны төрөлт болохоор ямар ч ойлголтгүй учир өвдөх л юм байна гээд ар гэрийнхэндээ юу ч хэлээгүй, гүрийгээд л хэвтээд байсан юм билээ. Ингээд шөнийн 02 цагаас хойш найман цагийн турш өвдөөд өглөө найман цагийн үед хөдөлж байгаад 9,10 цагийн үед хөдлөхөө болихоор нь харуултал хүүхдийнх нь зүрхний цохилт байхгүй болчихсон байна гээд уйлаад гэрийнхэн рүүгээ ярьсан.

Хүүхдээ эход харуулж, хянуулдаг байсан уу?

-Тиймээ, ургийн хөгжил хэвийн байсан. Эв эрүүл ураг байсан.

Өмнө нь Нэгдүгээр төрөх эмнэлэгт үзүүлж байсан юм уу?

-Дүү маань даралт өндөртэй, анхных нь төрөлт болохоор өвдөлт өгөхөөр нь айгаад л нөхөртэйгөө хамт нэгдүгээр төрөх дээр очихоор загнаад буцаагаад явуулдаг. Хоёр, гурван удаа өвдөлт өгч очоод сүүлийнх дээр нь сувилагчид нь шоолж инээгээд “энэ нөгөө төрлөө гээд дахин дахин ирдэг хүн” гээд хоорондоо ярьж инээлдсэн байгаа юм. Уг нь Нэгдүгээр төрөх сайн гээд л найдаад байтал анх ээж,аав болох гэж байгаа дүү нарт минь муухай хандсан байна.Ээжийнх нь сэтгэл санаа тааруу, тайвшруулах тариа хийлгүүлж байж гайгүй болсон.

Төрөх гэж байсан хүүхдийнхээ хүйсийг мэдсэн байсан уу?

-Хүү байсан. Анхны хүүхэд гээд л сарын өмнө тусдаа гараад, бүх юмаа бэлдээд өлгийгөө авья гээд л бөөн баяр байсан. Энэ эмнэлгийнхэн бол дөжөрчихсөн байдалтай гомдол гаргахаар ийм зүйл байдаг л юм гэсэн янзтай. Гэхдээ өөрсдийн буруу гээд хүлээн зөвшөөрсөн.

Та бүхэн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-СБД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст гомдол гаргасан.

Эмнэлгийн зүгээс ямар тайлбар хэлсэн бэ?

-Ураг юунаас болж эндсэнг нь хэлээгүй, байгууллагууд шалгаж тогтооно байх. Ар гэр, амьдрал зохиосон дүү нарынхаа өмнөөс гомдолтой байна.

Д.Номин-Эрдэнэ: Анх төрөх гээд өвдөлт өгсөн дүүг маань эмч нь юун сүртэй юм, ингэж л өвддөг гэж загнаж байлгасаар, хүүхэд нь эндчихсэн
Scroll to top