ИРГЭН: Мөнгө зээлсэн хүмүүс “Хүүхдийг чинь авна” эсвэл “Бөөрөө өг” гэж сүрдүүлж байна

Сүүлийн үед иргэд цахим сугалаанд ихээр оролцож, зарим нь үүндээ хэт автан их хэмжээний мөнгөө нэг дор алдах тохиолдол ч гарах болжээ.

Тэгвэл иргэдээс мөнгө хурааж, азтан шалгаруулж байгаа нь ямарч зөвшөөрөлгүй, хууль бус үйлдэл гэдгийг Цагдаагийн байгууллагаас олонтаа анхааруулдаг ч сугалаа гэдэг зүйл цахим орчинд хэн бүхний нүдэн дээр ил тод явагдсаар байна.

Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг, өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа ба зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой. Түүнээс дурын хувь хүн, иргэнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдохгүй. Гэтэл цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж байгаа нь өөрөө хууль бус ажиллагаа юм.

Эхлээд багахан хэмжээний мөнгө цуглуулж, багахан хэмжээтэй зүйлсээр азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад гар утас, мөнгөн эдлэл, сүүлдээ байр, машин, хурдан удмын адууны хонжвор хүртэл явагддаг болжээ.

Энэ төрлийн сугалаанд нийтдээ 700 сая төгрөгөөр оролцон алдаж, 200 сая төгрөгийн өртэй үлдсэн нэгэн иргэн манай редакцид хандсан юм. Тэрбээр, орон нутагт дөрвөн хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Гэртээ хүүхдүүдээ хардаг тул цахим орчинд цагийг их өнгөрүүлдэг тул сугалаанд оролцож эхэлжээ.

Иргэн А /түүний нэрийг нууцлав./ : Анх 2021 нэгдүгээр сараас эхлээд цахим сугалаанд оролцож эхэлсэн. Эхэндээ 50 мянган төгрөгөөр л оролцдог байсан. 10 хүн оролцоод нэг азтан нь гар утас хожих байдлаар явагддаг. Тэгээд явцын дундаа гуравдугаар сараас эхлээд 300 мянган төгрөгний сугалаанд орж эхэлсэн. Энэ дунд хожих тохиолдол ч байна, хожигдох тохиолдол ч байна. Гэхдээ азтан болж, сугалаанд хожсон тохиолдолд хасах болсон өрөндөө өгөөд таарчихдаг. Алдсанаа олно доо гэж бодоод л ахин дахин оролцоод байсан юм.

2021 оны аравдугаар сарын 8-нд зээлээр сугалаанд оролцсон. Тухайн сугалаа зохион байгуулдаг админуудтай нь аль хэдийн танидаг хүмүүс болчихсон учраас зээлээр орчихдог байсан юм. Тухайн өдөр би хоёр сая төгрөг зээлээд зээлээр автомашин хожих сугалаанд оролцсон. Уг нь тэр сугалаанд азтан болоод автомашин хожсон юм. Гэтэл би гэж сугалаанд хожмогцоо найздаа автомашин хожсон тухайгаа хэлсэн. Үүнээс болоод миний хонжворыг цуцалчихсан.

Сугалаанд хожоод автомашин хожсоноо ар гэр, найз нөхөддөө хэлчихсэн байсан. Гэтэл авч чадаагүй. Тэр үедээ маш их цочирдоод амиа хорлох гээд хоолойгоо боомилж ч үзсэн.

Хүсэхэд хясав гэгчээр би заавал ахиад автомашин хожино доо гээд л өөр фэйсбүүк нээгээд хүнээс хүүтэй мөнгө зээлээд сугалаанд оролцож эхэлсэн. Гэвч ганц ч удаа автомашины азтан болоогүй. Яахав алтан ээмэг бөгж гэх мэт хонжворууд хожсон. Гэхдээ автомашин хожиж чадаагүй. Нэг мэдсэн би нийтдээ 900 гаруй сая төгрөгөөр сугалаануудад оролцсон байсан.

Би одоо энэ сугалаа гэдэг зүйлийг үнэхээр зогсоохыг хүсэж байна. Зогсоодоггүй юм аа гэхэд ядаж мөнгөгүй хүмүүсийг битгий зээлээр тоглолуулаач ээ. Дансандаа бэлэн мөнгөтэй, мөнгөө үрэх гээд байж ядсан хүмүүсийг тоглуул. Бид нар шиг хүмүүсийг хасахаар тоглуулчихаад, дараа нь тэр админ гэх хүмүүс нь өрөө нэхэхдээ маш их дарамт үзүүлдэг. Үр хүүхдийнх нь зургийг цахим орчинд тавина гэх мэтээр сүрдүүлдэг. Үүнээс нь болоод аргаа бараад хүнээс хүүтэй мөнгө зээлээд өрөө дарчихдаг. Над шиг ийм хүмүүс маш олон бий.

Би сугалаанд анх оролцсоноосоо хойш 700 гаруй сая төгрөгийг сугалаанд зарцуулсан байна. Өөрийнхөө мөнгийг дуусгаад ирэхээрээ 200 сая төгрөгийг зээлээд оролцчихсон.

Нөхөр минь байгаа тулдаа миний зээлээс төлж, одоо 100 сая төгрөгийн зээл үлдсэн.

Үлдсэн өрөө төлж чадахгүй үнэхээр арга барагдаж байна. Мөнгө зээлсэн хүмүүс хүүхдийг минь авна гэх мэтээр намайг сүрдүүлж байгаа. Би яах аргаа олохгүй үнэхээр зовж байна. Надад туслах хүн байвал холбогдооч гэж хүсмээр байна.

Хүүтэй мөнгө зээлсэн хүмүүс намайг болон гэр бүлийг минь дарамтлах болсон. Хүүхдийг авна, гадаад руу зарна гэж ч сүрдүүлдэг. Үгүй бол намайг тээгч эх болоод өрөө төл гэж хэлсэн. Би ч тээгч эх хийе гэж шийдээд зар тавьж үзсэн. Үнэхээр олдохгүй байна. Тэгээд болохгүй байна аа гэтэл намайг “Бөөрөө өг” гэж дарамталж эхэлсэн.

Шүүх, хуулийн байгууллагад хандахаар би өөрөө луйварчин нэр зүүчихээд байгаа юм.

Энэ сугалаа админ гэх хүнээс өөр хүнд ашиггүй. Олон хүн мөнгөө алдаж, нэг хүнийг л баярлуулна. Би нэг өдөртөө дээд тал нь найман сая төгрөг алдаж байсан.

Сугалаа гэдэг зүйлд хэтэрхий ихээр донтоод өнөөдрийн үр хүүхдийнхээ аз жаргалыг булаачихлаа. Хүмүүс хэлэх байх л даа. Яагаад ингэтлээ шунаад донтсон юм бэ гэж…

Алдсан хүн арав нахина гэдэг л болсон. Би алдсанаа эргүүлээд олно гэж итгэсээр байгаад л нэг мэдэхэд дэндүү ихийг алдчихсан.

Сугалааны админ намайг өрөө төлсөнгүй гэж янз бүрээр доромжилж, айлган сүрдүүлдэг. Би тэднийг цагдаад өгнө гэхэд “Сугалааг Монголд яаж ч чадахгүй” гэх мэтээр ярьдаг.

Ийм учраас би энэ сугалаагаар ахиж нэг ч хүн битгий хохироосой, нэг ч гэр бүл битгий салаасай гэсэндээ бүхнээ ярьж байна.

Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” гэж бий. Энэ хуулиар Монгол Улсад явуулахыг хориглосон үйл ажиллагааг зааж өгсөн байдаг. Мөн зарим төрлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстой байдаг.

Тэгвэл энэ хуулийн 15.4.4 хэсэгт “Эд мөнгөний хонжворт сугалаа явуулах“ хэмээн тодорхой заасан. Тэгэхээр хуулийн хүрээнд бол дурын нэг иргэн фэйсбүүк, сошиал орчинг ашиглаж сугалаа явуулах боломжгүй.

Өөрөөр хэлбэл дээрх иргэд хууль зөрчиж байна гэсэн үг юм. Үүнээс гадна хонжворт сугалаа гэдэг нь тодорхой нарийн шалгууртай. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахын тулд Сангийн яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Харин тус яамнаас зөвшөөрөл авахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

– Сугалааны үйл ажиллагаа эрхлэх төсөл

– Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаанд аудит оруулж санхүүгийн тайлан хийлгэсэн байх

– Татварын албанаас өр төлбөртэй эсэх талаар лавлагаа

– Санхүүгийн чадвартай байх

– Сугалаа гаргаснаар ямар хэмжээний борлуулалт хийж, ашиг олох талаарх судалгаа

– Баталгаажуулсан тасалбарын хэмжээ гэх мэт маш нарийн шалгууртай байдаг.

Харин цахим орчинд явуулж буй дээрх сугалаанууд эдгээр шалгуурын нэгийг нь ч хангаагүй байдаг. Гэвч энэ төрлийн цахим сугалаанд иргэд оролцох нь ихэссэн төдийгүй, эд хөрөнгөөрөө хохирч, улмаар өр зээл тавин, зээлээ төлж чадахгүй тохиолдолд сэтгэл санаагаар унан амиа хорлох үйлдэл ч гаргах эрсдэлтэй байна…

ИРГЭН: Мөнгө зээлсэн хүмүүс “Хүүхдийг чинь авна” эсвэл “Бөөрөө өг” гэж сүрдүүлж байна
Scroll to top